“Miss World” тэмцээн эдгээр өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо үргэлжлэн явагдаж байна. 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж буй “Miss World”-н финалын шалгаруулалт ирэх ням гаригийн шөнө буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болно.
Манай улсаас тус тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг амжилттай оролцож байгаа бөгөөд түүний хувьд финалын өмнө болдог олон шалгаруулалтад өндөр үнэлгээ авч титмийн эзний тааварт бичигдээд байна.
А.Баярцэцэг 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын “Сант” дунд сургуулийг төгссөн. Тэрээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед “Голомт” банк, “Энержиресурс”-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй аж.