Фидель Кастро. Уг эрхэм бол улирч одсон 20-р зууны түүхэнд мөрөө хамгийн тодоор үлдээж чадсан эрчүүдийн нэг билээ. Тэрээр АНУ-ын өрөөсөн бөөрөн доор ЗХУ-ын цөмийн зэвсгийг нутагтаа байршуулснаар их гүрний хар дарсан зүүд болон хувирсан юм. Тэр 1965 оноос 2011 он хүртэл 46 жилийн турш Куба улсыг удирдаж АНУ-ын ерөнхийлөгч Двайт Эйзенхоур-ын засгийн газраас анхны өнгөт арьс ерөнхийлөгч Барак Обамагийн засаг хүртэл АНУ-ын 11 ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацаа дуусахыг навчин тамхиа татангаа ажигласан нэгэн байлаа. 2010 онд Барак Обама Кубийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах үед тэрээр өөрөөс нь дээш 11 үеийг нь сайн мэдэх тухайгаа тун хариуцлагатай мэдэгдэж ямартай ч АНУ-ын арга залинд хууртах нэгэн биш гэдгээ сануулсан байдаг. Түүний үгийг анхааралтай сонссон Обама Кубын эсрэг эдийн засгийн хоригоо тухайн үед суллаж байсан түүхтэй.
Тэгвэл түүний амжилтын зам огт дардан байсангүй. Түүнийг засаглах болон засаглахын өмнөх үеүдэд Куба улсад дөрвөн удаа томоохон хэмжээний иргэний дайн болж тус бүрт нь Кастро ялалт байгуулж байлаа. Мөн тэрээр удирдагч болохоосоо өмнө шоронд ч орж байсан юм. Түүнчлэн түүний амь насыг хөнөөх гэсэн 638 удаагийн бүтэлгүй оролдлого бүртгэгдсэн байдаг. Тухайн оролдлогуудын 30 орчим хувь нь АНУ-ын тагнуулын ерөнхий газрын санхүүжилттайгаар зохион байгуулагдсан түүхтэй. Тэрээр нэгэн удаа CNN телевизийн сурвалжлагчид хандан “хэрэв аллагаас амьд үлдэх нь олимпын төрөлд ордог бол гарцаагүй би алтан медаль хүртэх байлаа” хэмээн хошигносон байдаг. Нэн ялангуяа 1960 оны эхэн үе буюу Lyndon Johnson-ын засаглалын он жилүүдэд түүнийг ЗХУ-тай дэндүү сүжрэх болсонд сүжиггүйтэж амийг нь хөнөөхөөр тусгай бэлтгэгдсэн алуурчдыг хэд хэдэн удаа илгээж байсан ч амжилт олоогүй юм.
Амийг нь хороох гээд бүтэхгүй болохоор 1970-1980 оны хооронд буюу Gerald Ford болон Jimmy Carter нарын засаглалын он жилүүдэд АНУ Кубийн эсрэг хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ авч гарцаагүй байдалд оруулсны дараа эдийн засгийн алуурчдаа илгээж эхэлсэн байдаг. Эдийн засгийн алуурчид мэдээж чемодан дүүрэн мөнгө барин Кастротай уулздаг байв. Тэд эхлээд тухайн улсын ашигт малтмал, байгалийн баялаг, түүхий эдийн салбаруудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх бөгөөд энэ бүх саналыг хүлээж авбаас асар их хэмжээний мөнгөөр шагнах үндсэн чиглэлээр ажилладаг байлаа. Гэвч энэ бүхэн бүтээгүй юм. Эдийн засгийн алуурчид чемодан дүүрэн мөнгөтэйгээ Кубаас усан завьтайгаа хөөгдөж Флоридад хүрсэн байдаг.
Ийнхүү хагас зуун жил капитализмын уурхай болсон АНУ-ын хаяанд нь байх боловч чадварлаг тоглолт хийсээр тэсэж үлдэж чадсан түүнийг дэлхий нийтээрээ магтан бишрэхгүй байхын араггүй юм. Хэдий олон халдлагаас амьд үлдэж чадсан ч тэрээр алтан дэлхийн жамаас мөрөө булзааруулж чадаагүй байдаг. Түүний биеийн байдал жил ирэх бүр муудсаар 2011 оны 4-р сарын 19-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Рауль Кастрод бүрэн эрхээ шилжүүлэн тэтгэвэртээ гарсан юм. Харамсалтай нь уг явдлаас 5 жилийн дараа буюу 2016 оны 11-р сарын 25-ны өдөр тэрээр Кубын нийслэл Хавана хотод жам ёсоороо таалал төгссөн билээ. Бидний цаг үед амьдарч буй боловч биднийг орхин одох өнгөрсөн зууны суутнуудын цуваа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр.