Аливаа дайн дан ганц эр цэргүүдийн эр зориг дээр бус тэднийг удирдан залуурдаж байдаг цэргийн өндөр албан тушаалтнуудын ур ухаан, шатрын өргө дээр явагдаж байдаг гэж хэлж болж болохоор. Ямар ч дайны хувьд ялагдал, ухралт гэдэг бол үргэлж бодож тооцоолж явах ёстой эрсдэл бүхий нөлөөлөл юм. Зарим тохиолдолд ухралт гэдэг нь эргэн сэргэлтийн өндөр ач холбогдол бүхий стратегийн боломж болж хувирах нь ч бий.
Дэлхийн хоёрдугаар дайнд Герман улс яг энэ тактикийг баримталж байлаа. Хэдий тэд дайнд ялах болно, мөн нацистуудын сүр хүчит дэглэм, тогтолцоо хэзээ ч үл дийлдэх хэмээн бат итгэж байсан ч тэдний удирдлагууд сэтгэлийн гүндээ эргэлзэж байдал өөрөөр эргэвэл хэрхэх тухай нөөц төлөвлөгөөг боловсруулан Гитлерээр батлуулсан байдаг. Үүний хамгийн том жишээ нь 1942 онд үйлдвэрлэсэн “Schweelenpflug” гэх зэвсэг юм.
Уг зэвсгийг бүтээх болсон түүх нь Герман улс ЗХУ-тай зарлаагүй дайн хийсэн мөчөөс эхэлсэн байдаг. Тэд Оросын уудам тал нутгийг ганц далайлтаар судсыг нь тасалтал цөмлөнө хэмээн тооцоолж байсан ч “барбароса” төлөвлөгөө сунжирч, удаашрах шинж тэмдэгтэй болж эхэлсэн юм. Түүнчлэн дайсны гүнд нэвтрэх тусам араас ирэх зэвсэг, хүнс, шатахууны нөөц улам бүр алслагдаж зай нь холдож байгаа тул зүүн фронт Оросуудад хэзээ нэгэнт цагт айхтар бут цохигдохгүй юм гэхэд стратегийн ухралт хийх шаардлага гарч магадгүйг Германы удирдлагууд ажигласан байна. Иймээс Германы дээд удирдлага нөхцөл байдал буруугаар эргэвэл яаралтай ухрах төлөвлөгөөг 1941 онд баталсан байдаг. Үүний тулд тэд ухрах газар бүрдээ араас нь нэхэх дайсанд зориулан төмөр замыг нь устгах зорилгоор “Schweelenpflug” зэвсгийг зохион бүтээсэн юм. Уг зэвсэг нь араас нэхэж буй ЗХУ-ын армийн хүнс, сум, шатахуун, танкны нөөцийг тасалдуулах зорилготой байлаа. Ингэснээр Герман улс маш их цаг хожиж гол хүчээ нэгтгэн маньевр хийн ЗХУ-руу эргүүлэн дайрах цаг хожино хэмээн итгэж байсан аж.
Энд харагдаж буй төхөөрөмж нь ердөө загвар төдий бөгөөд дайны үед ашиглагдаж байсан төхөөрөмж нь 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах их буу, газрын дайралтын эсрэг 2 шүршигч автомат буу зэрэг хамгаалалтай байжээ.
Харин түүхийн хувьд Германы дээд удирдлагуудын айж байсан зөгнөл 1944 оноос эхлэн биеллээ олсон юм. Зүүн фронтод зарим хэсгээр нацистууд ялагдал хүлээн ухарч эхэлсэн бөгөөд энэ үед армийн нөөцөөс “Schweelenpflug” устгагчуудыг ЗХУ-ын зүг илгээж ухарч буй газруудынхаа бүх зам, холбоог устгаж байлаа. Түүнчлэн Германчууд машин зам, гүүр, туннель зэрэг араас нь элдэж болох бүх газруудыг дэлбэлж хүн төрөлхтний дайны түүхэн дахь хамгийн том стратегийн маньеврын зарчим дээр тулгуурласан ухралтыг хийсэн байдаг. Харамсалтай нь энэ бүхэн дэндүү оройтсон юм.