1918 онд АНУ-д төрсөн Ora Roberts гэх уг эрхэм өнгөрсөн зууны Америкийн түүхэнд мөрөө тодоор үлдээж чадсан нэгэн байлаа. Тэрээр 1945 онд Oklahama-д байхдаа анх адислуулж санваартан гэх нэрийг авсан байна. Тухайн үед түүнд очиж ажиллах сүм байгаагүй тул мужуудаас муж дамжин майхантай аялж замдаа таарсан хүмүүстээ сургаал айлдаж зарим нэгнийх нь өвчнийг хүрэхгүйгээр буюу энергиэр анагаах ажил хийж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуучин цагийн бадарчингаар ажил амьдралын гараагаа эхэлсэн гэж болохоор
Тэрээр Христын шашны аль ч урсгалд баригддаггүй байсан бөгөөд бүхий л урсгалын хүмүүстэй чөлөөтэй харилцан тус болдог байв. Улирч одох цаг хугацааны хувьслаар түүний үйл хэрэг ч өөрчлөгдөн 1963 он гэхэд бурхны үг дамжуулагч хэмээх цолыг хүмүүсээс аваад байлаа. Түүнчлэн Oral Roberts-ын академи хэмээх шашин, амьдрах урлагийн сургууль байгуулсан нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Oral Roberts хүмүүсийг эмчилж чаддаг гэх мэдээ нь Нэгдсэн Улс даяар тархсаны дараа түүнтэй уулзаж гэж цаг авсан хүмүүсийн дугаар хэдэн мянгад хүрч байсан гэдэг.
Хэрэв үүнийг мухар сүсэг гэж дүгнэх аваас манай нийгэмд нэг хэсэг ихээр үзэгддэг байсан дүр зургийг та олж харж болохоор. Учир нь түүний илтгэлийг сонсох гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөн ёслолыг үзэхээр ирдэг хүмүүсээс ч олон хүмүүс түүнийг зорьдог байв. Тэд бүгд түүний өмнө сөгдөн мөргөж, залбирдаг байсан нь хамгийн гайхалтай.
Харин 1987 оноос түүний хийж буй ажил илүү бизнес шинжтэй болж “бурхан таныг дуудаж байна” хэмээх шашны холбогдолтой телевизийн шоу хийн улс даяар цацаж эхэлжээ. Уг шоу нь түүнд ганцхан жилийн дотор 1 сая долларын цэвэр ашиг авчирсан юм.
Гэвч Oral Roberts-ын хувийн амьдрал тийм ч гэгээлэг, сайхан байсангүй. 1977 онд түүний охин онгоцны ослоор нөхрийн хамт амь үрэгдсэн бол 1982 онд түүний хүү хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан байдаг. Харин үлдсэн ганц хүү нь өнөөдрийг хүртэл Oral Roberts академийг удирдан ажиллуулж байна.
Бурхны бэлгийг хангалттай хүртсэн эр 2009 онд буюу 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн байдаг. Тэрээр АНУ-ын хамгийн олон телевизийн үзэгчтэй анхны шоуг хийснээс гадна өнгөрсөн зууны шашны нэрт зүтгэлтэн, анагаагч, гэгээн эцэг, амьдрах ухааны академийн тэргүүн, Time сэтгүүлийн нүүр царай, эзотерик шинжлэх ухааны загалмайлсан эцэг зэрэг нилээдгүй цолуудыг хүртсэн нэгэн байлаа.