Одоогоос 100 гаруй жилийн өмнө Их Британи улс дэлхийн өнцөг булан бүрт колоны тусламжтайгаар худалдааны асар том сүлжээг бий болгосон томоохон гүрэн байлаа. Тэр ч утгаараа тэдний хийдэг байсан нэгэн томоохон бизнес бол боолын худалдаа байв. Өнгөт арьс иргэдийг эх нутгаас нь хүчээр усан онгоцонд зөөн барууны ертөнц эсвэл АНУ-д авчирч насан туршид нь боолын хөдөлмөр эрхлүүлдэг байлаа. Энэ ч утгаараа боолууд эх нутгаасаа ачигдахаас өмнө Англичуудаас оргох бүхий л аргийг хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь усан онгоцонд ачихын өмнө бүх хүний хөлийг хоёр хоёроор нь гинжилдэг байсан тул орголт нь ихэнх тохиолдолд бүтэлгүйтэл, зарим тохиолдолд үхэл болон хувирдаг байсан юм.
Боолын наймааны эд үе нь 18-р зуунаас 20-р зууны эхэн үе байсан бөгөөд Европ болон АНУ энэ бүх хугацаанд албан бусаар 4 сая гаруй боолуудыг эх нутгаас нь цагаан арьст хүмүүсийн соёл иргэншилт нийгэм уруу зөөвөрлөн худалдаалсан гэх тоо байдаг байна. Тэгэхдээ тухайн үед цагаан арьст хүн бүр аймшигт хатуу сэтгэлтэй байсан гэвэл худлаа. Үүнийг гэрчлэх үйл явдал 20-р зууны эхэн үе болох 1907 онд зүүн Африкт тохиолдсон юм.
Их Британы эзэн хааны усан онгоц болох HMS Sphinx хөлгийн гишүүд тухайн жил зүүн Африкийн Занзибар, Мозамбик улсуудын орчимд эргийн харуулын ажил гүйцэтгэж явахад хоёр боол усанд живж байгааг тэд олж харжээ. Тэдэнд туслахгүй л бол живэх байсан тул хөлгийн багийн гишүүд тэднийг уснаас гаргахад тусалсан байна. Гэвч хоёр боол хамтдаа гинжлэгдсэн байсан бөгөөд оргож байгаа нь мэдээж байв. Тэднийг аварсны дараа нүднээс нь живээд үхчихгүй яав даа гэж бодож байгаа нь ажиглагдаж байжээ. Уг харц нь хөлгийн багийн гишүүдэд тун их сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Тиймээс багийн гишүүд тэднийг хоол хүнсээр дайлсны дараа тэр хоёрыг холбож байсан гинжин утсыг нь хөрөөдөн улмаар тус тусынх нь гинжийг хөрөөдөн тайлжээ. Харин хамгийн гайхалтай нь энэ бүхнийг хийснийхээ дараа тэдэнд хоол өгөөд хуурай газар дээр гарган үзэж өгсөн түүхтэй.
HMS Sphinx багийнхан эзэн хаанаасаа урваж боолуудыг чөлөөлөхөд нь тусалсан байдаг. Тухайн үед тэдний үйлдлийг ямар нэгэн эрх мэдэлтэн мэдсэн бол бүгдийг нь шийтгэх байлаа. Гэвч хөлгийн багийнхнаас хэн ч хэзээ ч энэ тухай ам нээгээгүй бөгөөд уг зургийг хожим 2007 онд ил болгож HMS Sphinx хөлгийн гишүүдийн хүн чанарыг дэлхий нийтэд таниулсан юм.