Номхон далайгаас мандах нар хамгийн эхэнд Япон улсад тусаж Ази тив бүхэлдээ гэрэл гэгээ ордог тул Япончууд өөрсдийгөө Их Наран Улс хэмээдэг байв. Их Наран улс дэлхийн хоёрдугаар дайнд туйлын хүчирхэг байсан боловч үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэх үгийн адил хувь тавилан тэднийг угтаж бас дуусгасан юм. АНУ Японы хоёр ч хот дээр атомын бөмбөг хаясныг өнөөдөр дэлхий нийтээрээ мэднэ. Тэгэхдээ атомын бөмбөг бол асар том тайзан дээр тоглогдох амьд үзүүлбэрийн нэгээхэн хэсэг нь л байлаа. Тэд Японы бүхий л хотуудыг завсар зайгүй бөмбөгдөж байсан бөгөөд тэдгээр хотуудаас хамгийн их хохирол амссан нь Японы Kobe хот байв.
Kobe хотыг хамгийн анх 1945 оны 2-р сарын 4-ны өдөр АНУ-ын нисэх хүчин шатамхай бодис бүхий бөмбөгөөр бөмбөгдсөн байдаг. Учир нь Kobe хотын дийлэнх барилгууд модоор хийгдсэн учир гал маш хурдан газар авч их хэмжээний түймэр дэгдээх боломжтой байв. Яагаад заавал Kobe хотыг бөмбөгдсөн гэвэл үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тус хотод Японы усан онгоц, нисэх онгоц үйлдвэрлэлийн хамгийн том үйлдвэрүүд байрлаж байлаа. Мөн Kobe хот нь тухайн үед Японы 5 дахь том хот байсан бөгөөд хүн ам нь 1 сая байснаас гадна Японы ган, төмөр, зэс, хүн машин механизм, төмөр зам зэрэг бүхий л гадаад болон дотоодын бизнесийн амин сүнс уг хотод байсан юм.
Энэ бүхэн 2-р сарын 4-ны дайралтаар дуусаагүй юм. АНУ-ын нисэх хүчин 3-р сарын 16,17-ны өдүүдэд хотыг шатамхай бодисоор дахин бөмбөгдөж тус хотын 21 хувийг юу ч үгүй үнс болгосон байдаг. Уг дайралтаар 650,000 гаруй иргэд өөрсдийн гэр орноо нүдэн дээрээ шатаалгажээ. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас АНУ-ын бөмбөгдөгч онгоц газарт унаж түрүүч Algy S. Augunus болон байлдагч Lieutenant Robert E. Copeland нар азаар амьд үлдсэн ч олзлогдсон байдаг. Тэднийг Японы эзэн хааны дэргэдэх шүүхээр оруулсан юм. Японы шүү уг хоёр Америк цэргүүдэд “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэмээх шийдвэр гаргаж цаазаар авсан юм. Учир нь Kobe хотод 1 сая хүн амьдардаг гэдгийг Америкчууд мэдэж байсан бөгөөд бүхий л энгийн иргэд модон байшинд амьдарч байхад албаар шатаах санаатайгаар шатамхай бөмбөг хаясан гэх үндэслэлээр уг ялыг өгчээ.
Ийнхүү Kobe хот дэлхийн хоёрдугаар дайнд хотынхоо 51 хувийг шатаалгаж аж үйлдвэр, худалдаа, төмөр замын гол хот байсан боловч дээрх бүхий л статусаа алдсан байдаг. Хамгийн сүүлчийн дайралт 1945 оны 6-р сарын 5-ны өдөр болж аж үйлдвэрлэлийг нь бүхэлд нь устгасан түүхтэй.